Баян-Өлгийн төрийн албан тушаалтнууд халамжийн хөрөнгөөс завшсан хэрэгт дахин холбогдлоо

94

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд хэдэн албан хаагчийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн эрүүгийн хэрэгт шалгаж эхэллээ. Тэднийг албан тушаалаа урвуулж, 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт татсан байна.
Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий болгож групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшдаг байсан нэг бус баримт хууль сахиулагчдын гарт оржээ. Түүгээр ч зогсохгүй, ийм байдлаар групп тогтоон, иргэдийг тэтгэвэрт гарахад нь тусалж, хахууль авч байсан нь батлагдсан гэнэ.
Цахим мэдээллийн зарим хэрэгсэлд “Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг албан тушаалаа ашиглаж, бусдаас 500 гаруй удаа хахууль авсан үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа. Тус аймгийн эмнэлэг эмчгүй болж магадгүй” хэмээн бичжээ. Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагын зарим албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэн нийгмийн даатгалын болон халамжийн сангийн хөрөнгөөс завшсан тохиолдол ганц энэ биш.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэнтэй холбоотой татвар төлөгчдийн хөрөнгийг завшсан хэргийг хууль сахиулагчид 2014-2015 онд шалгаж, шүүхэд шилжүүлж байсан. Тэд Монгол Улсын харьяатаас гарсан болон халамж шаардлагагүй хүмүүсийн нэр дээр данс нээн, арилжааны банкуудын ажилтнуудтай хамтран нийгмийн даатгалын, халамжийн сангийн мөнгийг шамшигдуулж байсан хэрэгт холбогдсон ч шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй гэхэд хилсдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн дээрх төрийн байгууллагын албан тушаалтнууд Монгол Улсын харьяатаас гарч, буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон нь тогтоогдсон юм.
Эх сурвалж: Unuudur.mn Г.Равжаа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn