Баян-Өлгий аймгийн эмч нар хахуулиар эрүүл хүнийг хэлгүй, дүлий болгож, группэд хамруулсан ноцтой хэрэг илэрчээ

113

Баян-Өлгий аймгийн эмч нар хахуулиар эрүүл хүнийг хэлгүй, дүлий болгож, группэд хамруулсан ноцтой хэрэг илэрчээ

 2020-10-05,   6112ЖИРГЭХХУВААЛЦАХ

АТГ, ЦЕГ-ынхан 40 эмчид эрүүгийн хэрэг үүсгэн, 500 гаруй иргэнийг шалгаж байна

Баян-Өлгий аймгийн иргэд халамж үйлчилгээ хүртдэгээрээ улсдаа тэргүүлдэг.  Тус аймагт “эрүүл, саруул” хүн ховор. Тэр тусмаа төрөлхийн хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, сэтгэцийн эдгэрэшгүй өвчтэй иргэн хэдэн мянгаараа  бүртгэлтэй байдаг ажээ. Мөн хагас болон бүтэн өнчин хүүхэд хэдэн мянгаараа бий.   
Татвар төлөгчдийн мөнгөний тодорхой хувь нь нийгмийн халамжийн санд ордог. Тэгвэл тэр мөнгөний ихэнх хувийг Баян-Өлгий аймгийнхан авдаг юм байна. Үнэхээр халамж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд Баян-Өлгий аймгийнхан амьдарч байна уу. Эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулж  эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байна уу гэдэг нь тодорхойгүй байсан. Тэгвэл хууль хяналтын байгууллагад Баян-Өлгий аймгийн зарим иргэнээс санал гомдол удаа дараалан ирэх болжээ. Тэд гурван асуудлыг баримттайгаар Цагдаагийн ерөнхий газар, АТГ-т хүргүүлсэн байна.
Тодруулбал, нэгдүгээрт, улсын бүртгэл мэдээллийн төвд Монгол Улсын иргэн гэсэн бүртгэлтэй мөртлөө Казакстан Улсад давхар иргэншилтэй, Монголоос  өндөр настны тэтгэвэр, Казакстанаас  мөн л  тэтгэмж авдаг хүн олон байдаг. Хоёрдугаарт,  аймгийн төвийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэй хуйвалдаж,  эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар  групп буюу тахир дутуугийн  тэтгэмж олгож байна. Эмч нар бүр сүүлдээ группэд оруулж өгсөн хүмүүсээ дарамталж, УИХ-ын болон орон нутгийн  сонгуульд ашиглах болсон. Гуравдугаарт, Улсаас халамж авахын тулд ач, зээ нарыг нь өндөр настай аав, ээжээрээ овоглож байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн гомдол ирүүлжээ.

Гэрийн хаягаар  нь очиж шалгахад төрөлхийн дүлий, хэлгүй гэх оноштой хэд хэдэн иргэн цоо эрүүл байжээ

Дээрх гомдлын дагуу АТГ, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг  гарч, Баян-Өлгий аймагт ажиллаад иржээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодорхой мэдээлэл авсан юм. Тэрбээр “Баян-Өлгий аймагт  ажлын хэсэг гарч, өргөн цар хүрээтэй хэрэг шалгалтын ажил хийгдлээ. Бид Ниймгийн даатгалын газраас олгож байгаа халамжийн асуудлыг нягталж шалгаж үзлээ.
Хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас олгодог тэтгэмжийг хэрхэн олгож ирснийг он, сар, өдөр, тушаал шийдвэртэй нь шалгаж үзлээ. Бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд ямар нэгэн алдаа дутагдал алга. Эмч нарын үзлэг хийгдэж,  аймгийн эрүүл мэндийн төвийн даргаар ахлуулсан эмч нар хуралдаж шийдвэр гаргаж, түүнийг нь баталгаалжуулж олгосон байна лээ. Тэгэхээр нь төрөлхийн дүлий гэсэн оноштойгоор тэтгэмж авч байгаа арав гаруй хүний гэрийн хаягаар нь очиж уулзлаа. Зүв зүгээр эрүүл саруул хүн хэд хэд байж таарсан.
Дараа нь эмчийн дүгнэлтээр хэлгүй гэсэн оноштойгоор халамжийн мөнгө сар бүр авч байгаа хүмүүсийн нэрсийг гаргаж, оршин сууж байгаа хаягаар нь очиж мөн л уулзсан. Хэлгүй болоод 30 жил болж байгаа гэсэн хүн чинь өөдөөс ярьж байх жишээтэй.  Хэрэг ингэж л илэрч эхэлсэн.  420 гаруй иргэнд оношлогоо хийхэд 268 иргэн  буюу  68 хувь нь  эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тогтоогдсон. Ингээд  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга,  Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж байна.  Мөн  тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэв.

Эмчид авлига өгсөн иргэн Ж: Эмч “Чи хэлгүй болмоор байна уу,  эсвэл дүлий болох юм уу.  Насан туршдаа улсаас мөнгө авдаг болгох гээд байна” гэж хэлсэн

Эрүүл мөртлөө, улсад их хэмжээний хохирол учруулж, халамжид хамрагдсан иргэдээс  мөрдөн байцаалт авч эхэлжээ. Тэд нэг л  зүйлийг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нарт мэдүүлжээ. Манай омгийн ахлагч өвгөнд “Ойр тойрны хамаатан садан хүмүүсийг халамжинд хамруулж өгч болно. Харин надад ахиухан мөнгө өгөөрэй. Дараа нь ямар нэгэн хэл ам болоод байхааргүй хүмүүс хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.
Тэгээд л намайг тэр эмчтэй уулз гэж хэлсэн. Би очиж уулзсан” гэсэн утга бүхий зүйлсийг ярьдаг байжээ.  Иргэн Ж “Бид эмч нарт хоёр сая төгрөгийн авлига өгсөн.  Эмч надтай уулзаад “Ямар нэгэн хэл  ам  гаргаж, хүн амьтанд энэ талаараа хэлээд байв. Чамайг эмч нарт үзүүлсэн болгоод, бүх үзлэг оношлогоо хурлын  шийдвэр зэргийг бид зохицуулна. Харин чи хэлгүй болмоор байна уу, дүлий болох юм уу. Чамайг насан туршдаа улсаас сар бүр мөнгө авдаг болгох гээд байна. Надад харин мөнгөө даруйхан өгнө шүү.
Гэрийнхэндээ ч битгий хэлээрэй. Харин дараа нь ямар нэгэн байдлаар тус хүргэж байхгүй бол халамжаас шууд хасчихна шүү” гэж хэлсэн. Би дүлий болмоор байна гэж хариулсан. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өмнө нь эмнэлэгт үзүүлж байсан өвчтний түүх буюу эмчид үзүүлсэн дэвтрээ өгсөн. Тэгээд л хоёр сарын дараа гэхэд халамжаас сар бүр мөнгө авдаг болсон. Миний хувьд 280  мянган төгрөг сард авдаг байсан. Цагдаа нар ирээд намайг дүлий биш гэдгийг мэдчихсэн” хэмээн мэдүүлжээ.

Иргэн Б: “УИХ, орон нутгийн сонгуульд манай хүний нэрийг дугуйлна шүү” гэж  эмч хэлсэн

Харин иргэн Б “Би хэлгүй болсон гэж эмчтэй хуйвалдаад группын мөнгө авч эхэлсэн. Ажилгүй надад сар бүр тогтмол мөнгө орж ирээд байх сайхан байсан. Манай эхнэр олон хүүхэдтэй гээд тэтгэвэр авдаг. Хүүхдүүд сар бүр 100 мянган төгрөг авдаг. Би халамжийн мөнгө авдаг. Хоёр хүүхдээ аавынхаа нэр дээр шилжүүлчихсэн байсан. Аав нас барснаас хойш хоёр хүүхдэд сар бүр өнчин хүүхдэд олгодог тэтгэмж орж ирдэг болсон. 18 нас хүртэл нь авах юм билээ. Манай сарын орлого 1.2 сая орчим төгрөг болдог. Энэ мөнгөөрөө амьдралаа болгож өдий хүрч байна.
Эмч нар өөрийн итгэлтэй хүмүүсээ сэтгэцийн өвчтэй, өөрийгөө авч явж чаддаггүй, орондоо  шээж, баадаг гэсэн онош зохиогоод группэд оруулдаг юм билээ. Тэр хүнд нь улсаас сар бүр 480 мянган төгрөг, эхнэрт нь улирал тутамд асаргааны зардал гээд  60 мянган төгрөг олгодог.  Тэр мөнгийг нь хувааж авсан тохиолдол ч гарсан байна лээ. Намайг группэд оруулж өгсөн эмч “УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа тэр хүнийг дэмжээрэй” гэж эртнээс хэлсэн. Би ч үгэнд нь ороод тэр хүнийг нь дугуйлсан. Одоо УИХ-ын гишүүн болсон” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ.

Хохирогч А: Эмч авлига нэхэж байгааг ХЭҮК-т  хэлчихсэн чинь намайг  группээс хасчихсан

Эрүүл хүнийг хэлгүй, дүлий хөдөлмөрийн чадваргүй, сэтгэцийн өвчтэй болгож байгаа хор уршгаас болж яг халамжид хамрагдах ёстой иргэд хохирч байгаа нь эндээс тодорхой харагдаж байна. Эмч нарын бусдаас авлига авдаг үйлдэл хэрээс хэтэрч,  өвчтэй иргэдийн группийн хугацааг дахин сунгахгүй хясан боогдуулж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Хохирогч “Эмч нар надаас мөнгө нэхсэн. Тэр мөнгийг нь  өгч чадахгүй гэж хэлчихсэн. Тэгсэн групп тогтоохгүй болж, хугацааг сунгаагүй шийдвэр гаргачихсан. Үнээс болж шаардлагатай эм тариагаа авч чадахгүй хэцүүхэн байдалд амьдарч байгаа гэдгээ илэрхийлжээ.
Энэ талаар А хэмээх иргэн бидэнд мэдээлэл өгсөн  юм. Тэрбээр “Би өмнө нь арав гаруй жил хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор группээс мөнгө авдаг байсан. Гэтэл өнгөрсөн жил аймгийн эмч намайг группээ сунгуулах гээд очих үед мөнгө нэхсэн. Үүнийг нь Хүний эрхийн үндэсний коммист мэдэгдчихсэн юм. Гэтэл намайг хэл ам хийлээ гээд групп сунгаж өгөөгүй. Надад “Чи хэлдэг газраа хэлж, явдаг газраа яв. Чамайг группээс хасчихсан. Чи эрүүл хүн юм билээ” гэж хэлсэн. Сар бүр мөнгө авахаараа өвчин намдаах эм авч уудаг байсан. Тэр тасалдснаас болж өдөр ирэх бүр биеийн байдал хүндэрч байна. Хэрэв та бүхэнд нэрээ, өвчнөө хэлчихвэл намайг таниад, бүр ч ихээр гадуурхах байх” гэв.

Эмч нарын иргэдээс авсан  авлигын  хэмжээг тогтоож байна

АТГ, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаагчид 500 гаруй  иргэнээс мэдүүлэг авч, эмч нарт авлига өгсөн гэдгийг нь баримттайгаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн эмч нар эрүүл хүмүүсийг эмч нарын хурлаар оруулж, халамжид хамруулаад дундаас нь ашиг хүртдэг байжээ. Мөрдөн байцаагч нар хэн хэнээс хэдэн төгрөг хэрхэн авсан бэ гэдгийг нарийвчлан тогтоох ажиллагаа хийж байгаа гэнэ. Эмч нарын авлига авсан мөнгөний хэмжээ эхнээсээ тодорхой болж эхэлсэн гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Баян-Өлгий аймгийн ихэнх эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаас болж иргэдэд хүндрэл учраад байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл, хэрэг нь таслагдаж шүүхээр шийдэгдвэл Баян-Өлгий аймаг тэр чигтээ эмчгүй болох аюул нүүрлээд байгаа ажээ. Гэмт хэргийн бүлэглэлийг 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн эрхэм удирдан зохион байгуулж байсан байж болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа ажээ. Тэр УИХ-ын гишүүн хэн бэ гэдгийг болон түүнтэй холбоотой ноцтой баримтыг уншигч та бүхэнд удахгүй хүргэх болно.
Үргэлжлэл бий
“Ergelt.mn” сайтын Эрэн сурвалжлах нэгдэл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn