Иргэдийг хямд сүүгээр тогтмол хангах "Малчдын агент" төсөл хэрэгжүүлнэ

136

Баян-Өлгий аймагт ард иргэдийг хямд үнэтэй малын сүүгээр тогтмол хангах зорилгоор "Малчин агент" төсөл хэрэгжүүлнэ.

Энэ талаар аймгийн Засаг дарга Д.Бауыржан олон нийтэд мэдээлэл хийлээ.

"Баян-Өлгий аймагт 9 мянган малчин өрх, 18 мянган малчин байна. Гэхдээ малын сүүг хадгалах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж маш хомс байгаа. Зуны улиралд малын сүү 800 төгрөг орчим байдаг бол 11 дүгээр сараас хойш хөлдүү сүү 2500 төгрөгт хүрдэг. Тийм учраас энэ байдлыг засах, малчдад сүүгээ хадгалах, худалдан борлуулах боломж бүрдүүлэх зорилгоор «Малчин агент» төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэж тэрээр хэллээ.

Төслийг хэрэгжүүлэхдээ цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдсон хөдөөгийн багийн төвүүдэд сүү хадгалах агуулах байгуулах аж. Тэнд зуны улиралд малчдаас сүү худалдан авч хөлдөөгөөд, өвөл ард иргэдийг зах зээлийн үнээс доогуур үнэтэй бүтээгдэхүүнээр хангах юм. Энэ ажлыг орон нутгийн удирдлагын дэмжлэгээр хоршооны зохион байгуулалтад орж малчид өөрсдөө, эсвэл бизнес эрхлэгчид хийх боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо.

"Малчин агент" төслийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Одоо холбогдох тооцоо судалгаа, бэлтгэл ажлуудыг хийж шат дараатай хэрэгжүүлэх ажээ.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn