Малчдын хоршоо 3,7 тэрбум төгрөгийн хадгаламжтай болжээ

48


Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бол мал аж ахуй билээ. Иймд нүүдлийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх, энэ цаг үед тохиож буй сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулах зорилгоор Баян-Өлгий аймгийн малчид эвлэлдэн нэгдэж, 2005 онд аймгийн Малчдын холбоог анх байгуулж байсан түүхтэй.

Малчин түмний нийтлэг ашиг сонирхол, эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулсан төрийн бус байгууллага орон нутагт амжилттай ажиллаж, зорилтот бүлгийн амьдрал ахуйг сайжруулан, орлогыг нь нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулж болдгийн нэгэн жишээг та бүхэнд танилцуулж байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчдын байгууллага нь Малчдын холбоо, түүний дэргэд үйл ажиллагаа явуулдаг хадгаламж, зээлийн хоршоо болон маркетингийн хоршооноос бүрдэнэ. Тус сум нь 10 мянган хүн амтай, 305 мянган толгой малтай. Харин сумын нийт малчин өрх нь Малчдын байгууллагадаа гишүүнээр элссэн байна.
Малчид "Малчны хөгжил" хадгаламж зээлийн хоршоонд хувь нийлүүлж, жил бүр бэлчээрийн даац, хэрэгцээнээсээ илүү гарсан малаа зах зээлд худалдан борлуулж «Мөнгөн мал» хэлбэрээр хоршоондоо хадгалуулдаг байна. Мөн шаардлагатай үед хоршооноос зээл авч, мал аж ахуй болон өрхийн хэрэгцээндээ зарцуулдаг болжээ. Одоо тус хоршооны нийт актив хөрөнгө 4,5 тэрбум, хадгаламжийн хэмжээ 3,7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хоршооны үйл ажиллагаа хүрээгээ тэлж эдүгээ 5 суманд санхүүгийн үйл ажиллагаа явуулж байна. Малчдын итгэл дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа тус хоршоог Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Улсын тэргүүний хоршоогоор шалгаруулжээ. Түүнчлэн сумын хамгийн том татвар төлөгч байгууллагаар сүүлийн жилүүдэд тогтмол шалгараад байгаа аж.

Хоршооны гишүүд жил бүр Бүх гишүүдийн хурлаа хийж, байгууллагынхаа үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудаа хэлэлцдэг байсан ч энэ уламжлал цар тахлын улмаас сүүлийн 2 жилд тасалджээ. Харин төр засгаас олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрснөөр энэ сарын 18-ны өдөр Цэнгэл сумын төвд «Бүх гишүүдийн хурал»-аа хийж, өнгөрсөн оны ажлаа дүгнэн ирэх жилийн зорилт, зорилгоо тодорхойллоо.
Малчдын байгууллагаас бэлчээрийн даац, хэрэгцээнээсээ илүү гарсан малаа зах зээлд худалдан борлуулж "Мөнгөн мал" хэлбэрээр санхүүгийн байгууллагад хадгалуулах буюу “Мөнгөн мал-Мөнгөтэй малчин-Мөнх мал” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд бэлчээрийн ачаалал 25-30 хувиар буурч, малын тоогоо цөөрүүлсэн малчны орлого 2.1 дахин нэмэгджээ. Мөн нийт малчин өрхийн  70 гаруй хувь нь мөнгөн хадгаламжтай “Мөнгөтэй малчин” болсон гэдгийг Малчдын байгууллагын удирдлага хэлж байна.
Цэнгэл сумын малчид Бүх гишүүдийнхээ хуралтайгаа хамт "Эко малчин" форум зохион байгуулж, бэлчээрийг зохистой ашиглаж байгаа, малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулж, мал аж ахуйн тогтвортой ханган ажилласан сумынхаа 5 малчин гэр бүлийг "Эх нутагтаа ээлтэй, эгэл түмэндээ түшигтэй манлай эко малчин" цол олгож, "Жинхэнэ аварга малчин" тэмдгээр шагналаа.
Тус шагналыг олгохдоо хамгийн олон мал болон хадгаламжтай, 4 улирлын бэлчээртэй болон бэлчээр ашиглалтын журам зөрчөөгүй байх, аж ахуйн удирдлага, менежментээр үлгэр жишээч байх, нутагтаа ажлын байр бий болгосон байх, өрхийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөө даатгуулсан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.  


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn