Алтай Таван Богдын аяллын маршрут

49

Урин цаг ирж, удахгүй аяллын улирал эхэлнэ. Эрхэм уншигч та хаана, хэрхэн амрахаа хараахан шийдээгүй байгаа бол үзэсгэлэнт сайхан байгальтай, нутгийн иргэдийн өвөрмөц соёл, зан заншлаараа ялгардаг Баян-Өлгий аймгийн нутгаар аялангаа амрахыг зөвлөж байна. Учир нь тус аймагт Монголын дээвэр хэмээн нэрлэгддэг Алтай Таван Богд уул оршдог. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхох жуулчдын тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2020 онд дотоодын 25 мянга, 2021 онд 28 мянган жуулчин ирсэн гэсэн тооцоог орон нутгийн захиргаанаас гаргажээ. Үзэсгэлэнт байгаль, нутгийн иргэдийн өвөрмөц соёлыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас тус аймгийг аялал жуулчлалын 4 дэх бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Ингээд Монгол орны маань тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Алтай Таван Богд уулаар аялах хүсэлтэй хүмүүст зориулж зарим мэдээллийг доор оруулж байна.

Хэрхэн хүрэх вэ?
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хот нь Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон байгаа. Аймгийн төвөөс Алтай Таван Богд уул руу үндсэн 3 маршрутаар /шороон замаар/ явж болно. Эхний зам бол Өлгий-Улаанхус сумын төв-Согоог баг-Хөх хөтөл баг-Монгол даваа-Цагаан гол-Шивээт хайрхан гэсэн маршрутаар 185 км явна. Цааш машинаар явах боломжгүй тул явганаар, эсвэл нутгийн иргэдээс морь, тэмээ хөлсөлж 17 км явснаар Алтай Таван богд ууланд хүрнэ.
Хоёр дахь маршрут бол Өлгий-Улаанхус сумын төв-Согоог баг-Хөх хөтөл баг-ойгор гол гэсэн маршрутаар 175 км явна. Энэ замаар машинаараа төрийн тахилгын овоо /нутгийн иргэд Ерөнхийлөгчийн овоо гэж нэрлэдэг/ хүртэл явж болдог. Дараагийн маршрут Өлгий-Улаанхус сумын төв-Цэнгэл сумын төв-Загаст нуур баг-Алтай таван богд.
Ихэнх газраас мобиком, юнител, жи-мобайлын сүлжээ барина.

Зам зуур юу үзэж болох вэ?
Үндэстэн ястнуудын амьдралтай танилцах. 
Зам зуур казах, тува түмний амьдрал ахуй, бүргэдчинтэй хамт явж бүргэдээр ан хийх урлагтай танилцах /өдөрт 60000-90000 төгрөг/, мөн гартаа бүргэд суулгаж дурсгалын зураг татуулах боломжтой. Зам дагуух айлуудаас морь хөлслөн авч болно. Морины хөлс өдөрт 35000-40000 орчим төгрөг байна.

Цагаан салаагийн хадны сүг зураг.
Алтай Таван богд уулын эргэн тойронд эртний хүмүүсийн үлдээсэн түүхэн дурсгалууд олноор тохиолддог. Тэдний нэг болох Цагаан салаагийн хадны сүг зураг нь Монголын соёлыг дэлхийд гайхуулдаг түүхэн дурсгалуудын нэг юм. Цагаан салаагийн хадны сүг зураг нь аймгийн төвөөс 165 км-т оршдог. Уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг. Уртаашаа 15 км, өргөөшөө 500 м орчим зайд үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 10000 орчим зургаас бүрддэг байна. Сүг зурагт хүмүүс араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлж, ан гөрөө хийх, тариа ногоо тариалах, мал амьтан гаршуулах, үхэр тэргээр тээвэр хийх зэргээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг ч дүрслэн үлдээсэн байдаг.

Эдгээр зургаас хүмүүс тэр үед ямар багаж, хэрэгсэл хийж эхэлснийг, тухайн үед ямар амьтад энэ газарт зонхилон амьдарч байсныг, хэзээ ямар амьтныг гаршуулж уналга эдэлгээнд хэрэглэж эхэлснийг, хэзээнээс газар тариалан эрхэлж анжис, нум сум, дугуй зэргийг хэрэглэх болсныг, цэрэг дайны бэлтгэлээ яаж хийдэг байсныг, ямар зүйлийг шүтээнээ болгодог байсныг, хэзээнээс малдаа тамга хэрэглэж ирснийг, сүг зургийн тархалтаар тухайн үед Монгол орны хаана хүн амьдрах таатай орчин бүрдэж байсан зэргийг тодорхойлох боломжтой.

Шивээт хайрханы хадны зургийн цогцолбор.
Хар салаа, Цагаан салаа голуудын хөндийд байрладаг. Зурагтай талбайн нийт хэмжээ нь ойролцоогоор 12 хавтгай дөрвөлжин км. Уг хадны зургийн дурсгалыг эртний анчид, малчид үлдээсэн гэж эрдэмтэд үздэг. Цаг хугацааны хувьд хүрлийн түрүү үеэс эртний түрэгийн үе хүртэлх түүхийн урт удаан хугацааг хамарна. Ихэнх зургуудад янгир, буга агнаж байгаа анчид, дайн байлдаан хийж байгаа хүмүүс, элдэв домгийн амьтад дүрслэгдсэнээс гадна зарим нэгэн буга, үхэр, араатнуудын их бие, эвэр дээр төрөл бүрийн тамга сийлсэн харагдана.  Шивээт хайрханы хадны зураг Цагаан Салаа, Арал толгойн хадны сүг зургийн хамтаар 2011 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна.

Хүн чулуу.
Алтай Таван богд очих зам дагуу Цэнгэл сумын нутагт орших Цагаан голын баруун хойших дэнж, дэвсэг хөндий, мөн голын зүүн хойд талд Цагаан салаа хэмээх газарт байрлах хүн чулуунууд, Улаанхус сумын Хар ямаатын голын хөндийд орших хүн чулууны цогцолборыг үзэж сонирхох боломжтой юм.

Алтай Таван Богд уулын тухай
Алтай Таван богд уул нь тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт оршдог. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана мөн Алтай Таван богдод байрласан байдаг.
Монгол Улсад "Богд" гэсэн үг орсон 280 гаруй уул байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374/ юм. Түүнчлэн Монголын түүх уран зохиолын хосгүй дурсгал болох "Монголын нууц товчоо" номонд "Улуг таг" /Их уул/ хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 тоот зарлигаар дээрх уулыг төрийн тахилгатай уул хайрханы жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулж байхаар заасан юм. Улмаар анхны төрийн ёслолыг 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулж, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцож байв. 
Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий зэрэг олон мөнх цаст оргилуудтай. Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол зэрэг манай орны хамгийн том гурван мөсөн гол тэнд оршдог юм. Эдгээрийн хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 20 км урт.

Хүйтний оргилд авиралт хийсэн түүхээс...
Г.Н.Потанин, М.В.Певцов зэрэг Оросын судлаачид ХІХ зууны сүүлчээр хэд хэдэн удаа тус нутгаар аялж судалгааны ажлуудыг эхлүүлжээ. Мөн 1905, 1906, 1908, 1909 онд Томскийн Их сургуулийн профессор В.В.Сапожниковын экспедиц Алтай Таван Богд уул болон мөсөн голуудыг судалжээ. Түүний "Эрчис, Ховд голын эхэн дэх Алтай" номонд Алтай таван богд уулын оргилуудын өндөр, өнөөдөр устаж үгүй болсон мөсөн голууд, тэдгээрийн хэмжээг дурдсан байдаг юм. Мөн Москвагийн Их сургуулийн сонсогчид болох ах дүү Борис, Михайл Тронов нар 1915 онд Хүйтний оргилд түүхэнд анх удаа амжилттай авирсан байна. Харин манай орны иргэдийн хувьд 1956 оноос Алтай Таван Богд ууланд авиралт хийж эхэлсэн түүхтэй юм.

Алтай Таван богдод хэзээ авирахад тохиромжтой вэ?
Баян-Өлгий аймагт ирсэн жуулчдын дийлэнх нь Алтай Таван богд уулыг зорьдог. Тухайлбал, 2018 онд 3000 орчим жуулчин тус уулыг үзэж сонирхохоор Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авсан байна. Тус ууланд жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 дүгээр сард цаг агаар хамгийн их тохиромжтой гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлыг үзэж болдог. Уулын эргэн тойронд жуулчны бааз, зочид буудал байхгүй. Зөвхөн майханд, эсвэл нутгийн иргэдийн гэрт /өдөрт нэг хүн 40000-60000 төгрөг/ хонож болно.
Зөвшөөрөл авах шаардлагатай юу?

Тус уул нь Монгол Улсын хилийн бүсэд хамаарах тул Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас /Улаанбаатар хотоос ирэх хүмүүс Хил хамгаалах ерөнхий газраас/ хилийн бүс нэвтрэх зөвшөөрөл /үнэгүй/, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар /Монгол Улсын иргэдэд 300 төгрөг, гадаадын иргэн 3000 төгрөг/ авсан байх шаардлагатай.
Хэрвээ та Алтай Таван богдод очихоор шийдсэн бол дулаан хувцаслан хувийн бэлтгэлээ сайтар хангаж, найдвартай унаа, хөтчөөр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн хилийн бүсээр аялахдаа иргэний үнэмлэх, гадаадын иргэд паспортоо биедээ заавал авч явах шаардлагатай юм.

Жуулчдад хэрэг болж магадгүй зарим мэдээллийг доор орууллаа.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын шуурхай утас: 70424042, e-mail: info@bayan-olgii.gov.mn
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн. Утас: 99420110, e-mail: baglan.merhamet@yahoo.com
Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн төв. Утас: 99423395, e-mail: jadyra_27@yahoo.com
Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар анги. Утас: 88220165
Цагдаагийн газар: 7042102, e-mail: police@bayan-olgii.gov.mn
Онцгой байдлын газрын шуурхай утас: 7042101, 7042105, e-mail: info@bo.nema.gov.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn