Увс нуур-Тэс голын сав газар дэлхийн байгалийн бүх бүсийн хэв шинж, төрхийг агуулдаг

0
Увс нуур-Тэс голын сав газар нь өргөргийн 870 44’-980 45, уртрагийн 490 14’- 500 52’ хооронд Монгол Улсын хамгийн баруун хойд хэсэгт оршдог. Увс, Хөвсгөл, Завхан аймгийн 27 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 54 мянган километр квадрат талбай бүхий өргөн уудам нутаг юм.
Тус газар нь зүүн талаараа Дэлгэрмөрөн болон Идэр голын сав газруудтай, урд талаараа Хяргас нуур-Завхан голын сав газартай, баруун талаараа Хар нуур-Ховд голын сав газартай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Увс нуур-Тэс голын сав газар эрс тэс уур амьсгалтай, мөнх цаст мөсөн уул, ой тайга, тал хээр, нуур ус, элсэн цөл зэрэг байгалийн бүх бүс бүслүүр цогцолсон ховор ан амьтан, ургамлын өлгий нутаг бөгөөд дахин давтагдашгүй үзэсгэлэнт байгальтай дэлхийн өв нутаг. Нэн ховор болон ховор аргаль, ирвэс, янгир, буга, зэрлэг гахай, зэгсний гахай, ондатор, усны булга, голын халиу, Сибирийн шивэр гүлмэр зэрэг ан амьтан, шинэс, улиас, бургас, гацуур зэрэг мод бут элбэгтэй.
Увс нуур нь олон улсын гео-биесферын судалгааны бүсэд багтдаг. Энэ нь дэлхийн байгалийн бүх бүсийн хэв шинж, төрхийг өөртөө агуулсан, эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн нь энэ нутгийн олон улсын ач холбогдол бүхий Төв Азийн эталон нутаг болохыг илтгэж байна. Уур амьсгалын хувьд Сибирийн чийглэг тайгаас Төв Азийн хуурай элс, цөлөрхөг бүсэд шилжих нарийн зурвас нутагт оршихын зэрэгцээ гадаад далайгаас ихээхэн алслагдаж, эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн байдаг. Энэхүү газарзүйн онцлог нь манай орны уур амьсгалыг эх газрын эрс тэс, гандуу хуурай, мөн экосистем нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байх гол нөхцөлийг бүрдүүлдэг.
Уур амьсгалын өөрчлөлт, газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур дулаарч, улмаар жилд орох хур тунадасны хэмжээ багассан нь гандах, хуурайших процесс эрчимтэй явагдаж байгааг харуулж байна. Бүс нутаг нь эх газрын хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай бөгөөд улирлын ялгаа тод илэрдэг. Их нууруудын хотгор бол манай орны хамгийн хуурай бүс нутгийн нэг ба хур тунадас бага унадаг.
Нуур оройтож хөлддөг учраас эрэг хавийн бүс нутгийг хамарсан ууршлын гаралтай манан, нам үүлний нөлөөгөөр өвлийн эхэн үед цас их орж зэргэлдээ нутгаас ахиу зузаантай цасан бүрхүүл тогтдог байна. Алтайн нурууны “сүүдэрлэх” нөлөөгөөр Их нууруудын хотгорт хуурай уур амьсгал бүрэлдэж томоохон талбай эзэлсэн хөдөлгөөнтэй нүцгэн элс тогтдог. Энэ нь явган шороон шуургатай өдрийн тоо хамгийн их байх нөхцөл болж өгдөг аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayan-ulgii.nutag.mn